ДОРНОД АЙМГИЙН НАСАНД ХҮРСЭН ХҮН АМЫН ӨВЧЛӨЛИЙН БАЙДАЛ, УНДНЫ УСНЫ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГААНЫ УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ

Аймгийн Эрүүл мэндийн газар Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран 2022 оны 9 сард асуумж, судалгааг авч, 9-11 дүгээр сард судалгааны боловсруулалтыг хийж гүйцэтгэлээ.

Судалгааны түүврийн хэмжээ: Аймгийн төвийн 47153 хүн амыг түүврийн эх олонлог болгон аргачлалын дагуу 415 хүнээс судалгаа авахаар тооцоолсон. Эдгээр 415 хүнийг сонгохдоо аймгийн хэмжээнд 2 удаагийн усны дээжний шинжилгээ авахад сонгогдсон айл, өрхийн иргэд, Хэрлэн голын сав дагуу 1 сум буюу Чойбалсан сум, гүний худгаас ундаалж буй 1 сум буюу Цагаан-Овоо сумын иргэдийг тус тус сонгосон.

Урьдчилсан байдлаар:

  1. Дорнод аймгийн хүн ам төвлөрсөн шугам болон газрын доорх гүний усыг ундандаа түлхүү хэрэглэж байгаа боловч усаа цэвэршүүлж, шүүж тунгааж хэрэглэх нь бага байна.
  2. Нийт судалгаанд хамрагдсан иргэдийн дотор хоол боловсруулах зам, бөөр шээсний замын эмгэгийн болон зүрхний хэм алдагдах, арьс хуурайших, загатнах, үс унах, хумс хугарах зовуурь өндөр хувьтай тохиолдож байгаа боловч цусны шинжилгээний үзүүлэлтээр хүний эрүүл мэндэд үзүүлсэн сөрөг нөлөө харьцангуй бага байна.
  3. Цаашид харьцангуй цэвэр, эрдсийн агууламж багатай усны эх үүсвэр бүхий сум эсвэл аймагт энэхүү судалгааг өргөжүүлэн хийж, судалгааны үр дүнг харьцуулан гаргаж илүү баталгаажуулах шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарсан.
X