ЭМЯ, Азийн хөгжлийн банк, азийн дэд бүтцийн банкны санхүүжилттэйгээр Монгол улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэгдсэн хөрөнгө оруулалтыг БОЭТ, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад хэрхэн хүртээмжтэй ашиглагдаж буй байдлыг газар дээр нь хүрэлцэн ирж танилцан, цаашид АХБ-ны санхүүжилт дэмжлэгтэй холбоотой хамтран ажиллах санал хүсэлтийг хэлэлцэн ажиллалаа.
Уулзалтаар аймгийн ЭМС-ын удирдлагууд АХБ-ны санхүүжилтээр олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, үүний үр дүнд орон нутгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж нэн чухал дэмжлэг, туслалцааг тухай бүрд үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Манай аймагт “КОВИД-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Дархлаажуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 15 нэр төрлийн 245,808,145 төгрөгийн тоног төхөөрөмж БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийлүүлэгдсэн. Мөн БОЭТ-ийн Цусны салбар төв болон ариутгал халдваргүйтгэлийн тасгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нян судлалын лабораторид нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулан шинэчлэл хийсэн байна. Тус хөрөнгө оруулалтын үр дүнд сийвэн гэсгээх технологиос үүдэлтэй урвал хүндрэл гарахгүй болсон, сийвэн шүүх аппарат, -80 хэмийн гүн хөлдөөгчийг ашигласнаар цус цусан бүтээгдэхүүний нөөцийг өмнөх үеэс 40%-аар нэмэгдүүлэн 240-250 нэгж сийвэнг тогтмол нөөцөлж байна. Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн үйл ажиллагаанд илэрхий дэвшил гарч эмнэлгийн хэмжээний тарилгын хөвөн, мэс заслын багаж, боолтын материалуудын ариутгалын чанар сайжирснаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдал дээшилсэн. Лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн үр дүнд эмнэлзүй, эрүүл зүйн шинжилгээнүүдийг хийж оношилгоонд дэвшил гарсан.