Хүний папиллома вирусын халдварын эсрэг вакцин нэвтрүүлэх бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн эмч, нийгмийн ажилтан, багш нарт сургалт зохион байгууллаа. Хүний папиллома вирус нь эрэгтэй эмэгтэй хүмүүст хэд хэдэн төрлийн хорт хавдар үүсгэдэг бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болдог байна.
🇲🇳Монгол улсад уг вирусын халдварын тархалт өндөр байгааг судалгааны дүн харуулсаар байна. Тухайлбал, Зүүн Өмнөд Азийн орнуудад 100,000 хүн амд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшин 10.9, нас баралтын түвшин 4.1 байгаа бол манай улсад өвчлөл 100,000 хүн амд 23.5, нас баралт 10.2 байгаа ба бүс дотроо өвчний дарамт хамгийн өндөртэй орнуудын тоонд орж байна.
🇲🇳Монгол улсад умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын 2 дугаарт, нийт хорт хавдрын шинэ тохиолдлын 4 дүгээрт, нас баралтын 5 дугаарт эрэмбэлэгдэж байна. Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдийг хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.