ДОРНОД АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН
2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
Нэг. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үндэслэл ба арга зүй
Эрүүл мэндийн байгууллагын 2024 оны үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/346 дугаар тушаалаар баталсан “Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн гүйцэтгэсэн.
Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго
Эрүүл мэндийн яамны харьяа агентлаг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, гүйцэтгэлийн үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах санал, зөвлөмжөөр хангахад оршино.
Гурав. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн
Эрүүл мэндийн байгууллагын 2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээг дараах 5 чиглэлийн хүрээнд гүйцэтгэсэн болно. Үүнд:
- Тухайн байгууллагын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт;
- Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт;
- Мэдээллийн ил тод, нээлттэй байдлын хэрэгжилт;
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтийн биелэлт;
- Хэрэглэгчийн үнэлгээ.
3.1 Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө
“2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-нд 8 зорилтын хүрээнд 73 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тусгасан.
Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн дундаж 94.8%.
2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлсэн гол арга хэмжээнүүдээс дурдвал: Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар “Би сувилагч” ажил мэргэжлийн болзолт уралдааныг зарлаж, эхний 3 байранд орсрн сувилагч тус бүрт орон сууцны урдчилгаа 20 сая төгрөгийг тус бүр олгосон байна.
Гэвч зарим арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг үр дүнд чиглүүлэн тодорхойлоогүй, ижил агуулгатай ажлыг хэд хэдэн арга хэмжээ болгон салгасан цар хүрээ багатай ажил тусгасан байна.
Хангалтгүй болон хэрэгжээгүй арга хэмжээ:
3.2 Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт
2024 оны жилийн эцсийн байдлаар үнэлгээний дундаж 89.4%-тай байна.
Гадаад сургалтад нийт албан хаагчдын 20-аас дээш хувийг оролцуулахаас 4%-ийг, албан хаагчдын шилжилт хөдөлгөөн нийт албан хаагчдын 15%-аас доош байхаар заасан ч 21% ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа 76% байна.
3.3 Мэдээллийн ил тод, нээлттэй байдлын үнэлгээ
- жилийн эцсийн байдлаар 68.2% буюу “Хэрэгжих шатанд” байна.
– Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал – 51.1%. Эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн; Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, үйл ажиллагааны тайлан, мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалтын тайлан, акт, дүгнэлт, албан шаардлага, зөвлөмж; Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, Хуульд өөрөөр заагаагүй бол хариуцсан салбарын үйл ажиллагааны статистик мэдээлэл; Мэдээлэл хариуцагчаас зохион байгуулах олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр зэрэг 5 мэдээллийг ил тод байршуулаагүй байна.
– Хүний нөөцийн мэдээллийн ил тод, нээлттэй байдал – 28.3%. Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж үнэлэх журам, хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг 2 мэдээллийг ил тод байршуулаагүй байна.
– Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал – 69.2%. Хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ; Худалдан авах ажиллагаанд хийсэн үнэлгээ болон аудит, бусад хяналт, шалгалтын тайлан, дүгнэлт; Төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилт, явц, үр дүн; Мэдээлэл хариуцагчийн захиалгаар хийгдсэн судалгаа, шинжилгээний ажил, түүний тайлан зэрэг 4 мэдээллийг ил тод байршуулаагүй;
– Үзүүлж байгаа үйлчилгээний талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал – 100.0%;
– Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал – 54%. Олон нийтээр хэлэлцүүлж, санал авч байгаа хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний актын төсөл, тэдгээрийн танилцуулга, холбогдох судалгаа, бусад байгууллага, иргэнээс өгсөн санал; Хууль болон олон улсын гэрээгээр нээлттэй байхаар заасан бусад мэдээлэл (авлигын эсрэг, хүний эрх, жендэр болон бусад) зэрэг 2 мэдээллийг ил тод байршуулаагүй;
3.4 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтийн биелэлт
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын үнэлгээний дүн 51.6 хувь бөгөөд өмнөх оны түвшнээс сайжраагүй, зорилтот түвшинд хүрээгүй буюу аймгийн дунджаас муу дараах үзүүлэлтүүд байна. Үүнд:
- СХТ + Геп В +ХиВ-ийн тавт вакцин
- Жирэмсний эхний 3 сард хяналтанд орсон эхийн эзлэх хувь
- Нийт төрөлтөөс кесар хагалгаагаар шийдвэрлэсэн төрөлтийн хувь
- Эхийн эндэгдлийн түвшин
- Нялхсын эндэгдлийн түвшин
- 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин
- Өсвөр насны 1000 эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин
- Үр хөндөлтийн түвшин
- 1000 жирэмсэнд ногдох үр хөндөлтийн түвшин
- Өсвөр насны 1 000 эмэгтэйд ногдох үр хөндөлтийн түвшин
- Даралт ихсэх өвчний шалтгаант нас баралтын түвшин
- Зүрхний шигдээсийн нас баралтын түвшин
- Зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтын түвшин
- Хорт хавдраас шалтгаалсан нас баралтын түвшин
- Амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин
- Өсвөр насны 1 000 хүнд ногдох амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин
- Санамсаргүй хордох, хорт бодист өртсөнөөс шалтгаалсан нас баралтын түвшин
- Төрөлхийн тэмбүүгийн тоо
3.5 Хэрэглэгчийн үнэлгээ
Хэрэглэгчийн үнэлгээг хийхдээ 2024 онд эрүүл мэндийн байгууллагын амбулаториор үзүүлсэн болон хэвтэн эмчлүүлж, хэрэглэгчийн үнэлгээнд хамрагдсан нийт үнэлгээнээс түүвэрлэсэн бөгөөд 3423 хэрэглэгчийн үнэлгээнээс 493 үнэлгээг түүвэрлэж гаргасан.
Тус үнэлгээнд эм тариа, ороох, боох хэрэглэгдэхүүний хангалт муу байдаг учраас 22 хувь нь гаднаас өөрсдөө авч ирдэг гэсэн хариултыг өгсөн байна.
Дөрөв. Цаашид анхаарах асуудал, зөвлөмж
- Арга хэмжээг зорилт шиг тодорхойлохгүй байх, үр дүнд чиглэсэн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох, цар хүрээ багатай, тогтмол хийгддэг дотоод ажлуудыг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд бага тусгах;
- Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-ын 2.2, 2.3, 2.4 дэх хэсгийн дагуу төлөвлөгөөг боловсруулах, тус журмын 4.8 дахь хэсгийг баримтлан төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн зорилтын хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын үзүүлэлтээр оны эхэнд төлөвлөж, түүний дагуу тайлагнах;
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2022 оны 201 дүгээр тогтоолоор баталсан “Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэн ажиллах;
- Монгол Улсын “Төрийн байгууллагын цахим хуудсанд тавигдах шаардлага MNS6285:2017” стандартыг хангах, стандартын дагуу цахим хуудсыг ажиллуулах;
- Байгууллагын албан ёсны цахим хуудсыг ажиллуулах, мэдээлэл байршуулах, шинэчлэх, хяналт тавих журам боловсруулж, мөрдөж ажиллах;
- Байгууллагын албан ёсны цахим хуудсыг тогтмол ажиллуулж, мэдээллийн шинэчлэл, баяжилтыг тухай бүр, хугацаанд нь хийж, мэдээллийг үнэн зөв, бүрэн, иргэнд ойлгомжтой байхаар байршуулж хэвших;
- Байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулж буй мэдээллийн “холбогдолтой”, “цаг үеийн”, “найдвартай байдал”-д илүү ач холбогдол өгч, иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар байх зарчмыг баримтлан ажиллах;
- Шилэн дансны тухай хуулийн 4.1.3-т “тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх” гэсэн зарчмыг баримтлан мэдээллийг хуулийн хугацаанд үнэн зөв, бүрэн байршуулах;
- Байршуулаагүй байсан буюу 0 үнэлгээ авсан мэдээллүүдийг бүрэн, ил тод цахим хуудсанд байршуулах;
- Байгууллагын албан ёсны цахим хуудасны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг тогтмолжуулж, эрчимжүүлэх.
- Зорилтот түвшинд хүрээгүй буюу аймгийн дунджаас муу үзүүлэлттэй байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах;
№ | Үзүүлэлт | Хэрэгжилтийн хувь | Жин | Оноо |
1 | Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт | 94.8 | 0.2 | 19.0 |
2 | ТАХ-ийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт | 89.4 | 0.15 | 13.4 |
3 | Мэдээллийн ил то байдлыг илтгэх үзүүлэлт | 68.2 | 0.15 | 10.2 |
4 | Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлт | 51.6 | 0.3 | 15.5 |
5 | Хэрэглэгчийн үнэлгээ | 94.0 | 0.2 | 18.8 |
6 | Ерөнхий үзүүлэлт | 76.9 |
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн. Утас: 80760808, мэйл хаяг: erdenetsetseg@dornod.moh.gov.mn