Аймгийн эрүүл мэндийн салбар 2019 оны ээлжит удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Аймгийн эрүүл мэндийн салбар 2019 оны ээлжит удирдах ажилтны зөвлөгөөнөө хийж 2018 онд хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, олсон ололт, анхаарах асуудал, 2019 онд дэвшүүлсэн зорилт, чиглэлийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцон 2018 оны ажил үйлсээрээ шалгарсан эрүүл мэндийн байгууллагуудаа урамшуулан өргөмжлөл гардууллаа.
Аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Оюунцэцэг нар оролцож эрүүл мэндийн салбарын ололт, цаашдын зорилтын тухай мэдээлэл хийж, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зөвлөгөөнийг нээж мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэж хэлсэн үгэндээ: 2018 оны Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилтот жилийн хүрээнд 517.4 сая төгрийг зарцуулж тодорхой үр дүнд хүрсэн тухай тэмдэглээд, 2019 оны “Эрүүл мэндийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилтот жил”-дээ амжилттай ажиллахыг хүслээ.
2018 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр Баян-Уул сумын сумын сум дундын эмнэлэг, Баяндун сумын эрүүл мэндийн төв, Асралт-Үйлс өрхийн эрүүл мэндийн төв тэргүүн байранд, Хөлөнбуйр сумын эрүүл мэндийн төв дэд байранд тус тус шалгарч “Оны шилдэг хамт олон” Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Аймгийн эрүүл мэндийн салбар улсад 2018 оны ажлаараа хоёрдугаар байранд шалгарсан бөгөөд амжилт гаргахад хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулсан эрүүл мэндийн байгууллагууддаа талархал илэрхийлж мөнгөн шагналаар урамшууллаа.
2019 оныг эрүүл мэндийн яамнаас “Инээмсэглэл-эерэг хандлага” уриаг дэвшүүлсэнтэй холбогдуулан ЭМУ-ын тэргүүлэх, АУ-ны магистр, ёс зүйн сургагч багш Л.Ширнэнг урьж “Ёс зүй ба эерэг хандлага” сургалтыг удирдах ажилтнуудад зохион байгууллаа.

X